Энэ бол story юм.
Энхамгалан, 43 настай. Бүрэн хараагүй.
Би Хэнтий аймгаа төлөөлөн ганцаараа ирж, 11 сарын 22 өдрөөс эхлэн Монголын Хараагүйчүүдийн холбооны дэргэдэх Нөхөн сэргээх сургалтын төвийн массажын 6 сарын сургалтанд хамрагдаж байна.
Би насанд хүрсэн хойноо хараагүй болсон тул брайль үсэг мэдэхгүй ба брайлаар уншиж бичиж чадахгүй. Гэвч Хотын нийтийн төв номын сангийн DAISY Talking Book Center-ээс BookSense төхөөрөмжийг бидэнд авчирч танилцуулж, яаж ашиглахыг зааж өгч, улмаар бид өдөр бүр массажын хичээлийнхээ дараа, дотуур байрандаа BookSense төхөөрөмжөөрөө Массажын гарын авлага, Хүний биеийн анатом номуудаа байнга сонсож байгаа нь надад массажаа амжилттай суралцахад туслаж байна.
BookSense төхөөрөмж нь DAISY номыг хурдан удаан сонсох, хуудас хуудсаар нь сонсох, гарчиг гарчигаар нь унших боломжтой нь надад үнэхээр их таалагдаж, ашиглахад хялбар байгаа.
Массажын сургалт дуусангуут би BookSense төхөөрөмжөө буцаагаад сургалтын төвдөө үлдээнэ, иймд орон нутагтаа очоод, аймгийн төв номын санд очсон байгаа BookSense төхөөрөмжийг ашиглах, мөн өөрийн гэсэн ийм төхөөрөмжтэй болох хүсэлтэй байгаа. Яагаад гэвэл энэ төхөөрөмжийг хэрэглэж, DAISY номыг уншихад бүрэн суралцсан.
Эрдэнэбат, 38 настай. Бүрэн хараагүй.
Улаанбаатар хотын Хануул дүүргийн иргэн, Жолоочийн мэргэжилтэй. Машины ослоос болоод сүүлд хараагүй болсон.
Массажын сургалтын суухаасаа өмнө хараагүй хүмүүст зориулсан ном унших ийм технологи байдгийг мэддэггүй байсан. Энэ төслийн дэмжлэгтэйгээр BookSense төхөөрөмжтэй танилцаж, улмаар DAISY номыг сонсож байгаа нь миний яаж хичээлээ бичих вэ, унших вэ гэж анх бодож байсан бэрхшээлийг шийдэж өгсөн нь үнэхээр сонирхолтой, сайхан санагдаж байсан. Учир нь массажын сургалтанд анх орж ирэхдээ би брайль бичиг мэдэхгүй, яаж хичээлээ хүлээн авах, уншиж бичихээ мэдэхгүй байсан.
116-р сургуулийн сурагчдийн ирээдүйг DAISY ном гэрэлтүүлж байна.
Ангарагэрдэнэ, 9-р анги. 15 настай.
Улаанбаатар хотын иргэн. 2003 оноос 116-р сургуульд сурч байгаа. Сургуулийнхаа дотуур байранд амьдардаг. Одоо 9-р ангид сурдаг. Манай анги 5 сурагчтай. Би BookSense төхөөрөмжийг бүрэн ашиглаж сурсанаар технологийн давуу талуудыг олж харсан. BookSense төхөөрөмжөөр DAISY номыг уншихад Bookmark хийж болдог, бичлэг хийхэд тод цэвэр бичдэг, багтаамж ихтэй, FM радиогоос бичлэг хийж болдог, гарчиг, сэдэв, хуудсаараа гүйлгэж уншиж болдог, total time, elapsed time, remaining time, total pages, current pages гэх мэт номын мэдээллийг хэлж өгдөг, үсэглүүлээд сонсож болдог гэх мэт давуу талуудтай. Сургуулийнхаа номын санд хангалттай тооны BookSense төхөөрөмжтэй болохыг хүсдэг. Ерөнхий боловсролын сургуулиа амжилттай сурч төгсөөд, сайн програм хангамжийн инженер болох хүсэл мөрөөдөлтэй.
Батзул, 9-р анги
Би сургуулийнхаа номын санд ирж ертөнцийг брайль, аудио номоос олж хардаг байсан бол одоо DAISY номоос илүү хялбархан хардаг болж байгаа. BookSense төхөөрөмжийг ашиглах сургалтанд 3 удаа суусан учраас би маш сайн сурсан тул би цээжээрээ товчнуудын үүргүүдийг хэлж чадна. Ирээдүйд хөгжмийн зохиолч болохыг хүсдэг.
Нөхөн сэргээх сургалтын төвд
Мөнхтуул. Захирал
Нөхөн сэргээх сургалтын төвд ирж суралцаж байгаа хүмүүс нь ихэнхдээ хөдөө орон нутгаас ирдэг, мөн насанд хүрээд хараагүй болсон хүн гэдэг бол бүх зүйлээр хязгаарлагддаг, ийм хүмүүсийг нөхөн сэргээх сургалтыг бид явуулдаг. Ийм хүмүүст зориулсан сургалтыг явуулахын тулд тэдэнд хичээлийг яаж хүргэх вэ гэдэг нь том бэрхшээл байсан. Бид өөрсдөө номыг уншиж өгдөг үе ч байсан, Аудио СД, Кассет дээрээ багш нар өөрсдөө гарын авлагаа дуу хоолойгоороо бичдэг байсан. DAISY номыг хэрэглэж эхэлсэн нь багш нарын гарын авлагаа бэлтгэдэг ажлыг 100 хувь хөнгөвчилж өгсөн, мөн суралцагч нар мэргэжлийн дуу хоолойгоор бичигдсэн, хуудас, гарчиг, сэдвээр гүйлгэн уншиж болох DAISY номтой болсон нь бидний сургалтын чанарыг эрс дээшлүүлж байна.
Урьд нь гарын авлага дутмаг, суралцагч өөрийн тэмдэглэлээсээ хичээлээ дахин унших боломж муу, хичээлээ хийхгүй байна, уншихгүй байна гэж шаардахад хэцүү байдаг байсан бол одоо байдал эрс сайжирч, суралцагч сурах орчин нөхцөлөөр бүрэн хангагдаж чадлаа.
Нөхөн сэргээх сургалтын төвд Хотын нийтийн төв номын сангийн DAISY Ярьдаг номын төвөөс зөөврийн байдлаар 10 төхөөрөмжийг авчирч хэрэглэж байгаа нь ач холбогдлоо өгч байна. Цаашид нөхөн сэргээх сургалтын төв нь өөрийн гэсэн хангалттай тооны DAISY ном тоглуулагч төхөөрөмжтэй болох хүсэлтэй байгаа.
116-р сургууль
Давааням багш 1985 оноос хойш сонсголын болон харааны бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллаж байгаа. Монгол хэл, уран зохиолын хичээлийг заадаг. Энэ сургуулийн 80 гаруй сурагчдад 2010 оны 11 сараас хойш BookSense төхөөрөмжийг авчирч танилцуулж, сургуулийн номын сангаар ашиглуулж байгаа нь бидний өмнө хэрэглэж байсан аудио номоос маш их дэвшилттэй болсон. DAISY номыг хүссэн хуудаснаасаа уншиж болдог нь цаг хугацаа хэмнэсэн, унших сонирхолыг төрүүлдэгээрээ ач холбогдолтой. Хүүхдүүд BookSense төхөөрөмжийг ашиглахдаа их дуртай. Брайль үсгээр номыг унших нь ой тогтоомжид үлдэх нь илүү, анхаарал сайн төвлөрдөг хэдий ч роман гэх мэт зузаан номыг DAISY хэлбэрээр унших нь цаг хугацаа хэмнэсэн, брайлаар хэвлэх зардлыг хэмнэсэн олон давуу талтай.
Сандуйдэмчиг
Энэ 116-р сургуулиадаа төгсөөд номын санч мэргэжлээр сурч, 2005 оноос ажиллаж байгаа. 116-р сургуулийн номын сан нь 18 суудалтай, уншлагын танхимаар багш сурагчиддаа үйлчилдэг, 2000 гаран кирил, 2000 орчим брайль, 200 орчим ярьдаг номуудаар үйлчилдэг.
2010 оны 10 сараас 12ш DAISY цахим номоор фондоо баяжуулж эхэлсэн. Шинэ дэвшилтэт технологи манай номын сангийн үйлчилгээнд нэвтэрч байгаад маш их баяртай байгаа.
BookSense-ийг ашиглах сургалтанд 50 гаруй сурагчдыг хамруулсан ба сурагчид номын сан дээрх DAISY ном тоглуулагч төхөөрөмжийнхөө тоог нэмэгдүүлэхийг байнга хүсдэг. Бидэнд шинэ технологийг танилцуулж, сурагчдын заавал унших 2 номыг DAISY болгосон, зөөврөөр 10ш төхөөрөмжийг авчирч хэрэглүүлдэг нь технологид суралцах боломжийг олгодог.
No comments:
Post a Comment