Thursday, June 23, 2011

Хараагүй хүмүүст зориулсан “DAISY- цахим ярьдаг номын төв байгуулах” төслийн тайлан мэдээ


     Хамгийн сүүлийн үеийн судалгаагаар Монгол улсад нийт 9402 хараагүй, 130000 орчим харааны өөрчлөлттэй хүүхэд байна гэсэн  тооцоо байна. Энэ нь нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 10 гаруй хувийг эзэлж байгаа ба үүнээс 40 гаруй нь оюутан төрийн болон хувийн их дээд сургуульд, 80 гаруй хүүхэд ерөнхий боловсролын сургуульд сурч суралцаж, 130 гаруй хүн ажил хөдөлмөр эрхэлж  бусад хүмүүс нь гэртээ  байна.

    Анх Улаанбаатар хотын нийтийн төв номын сан нь НЗДТГ, МХҮХ-той хамтран 2004 онд харааны бэрхшээлтэй хүмүүст зориулан“ Ярьдаг номын төв”-ийг нээн мэдээллийг хүн бүрт тэгш хүргэх нийтийн номын сангийн үндсэн зарчмаа хэрэгжүүлж эхэлсэн.

Ярьдаг номын төв нь 247 нэр төрлийн 743 аудио бичлэг,151 нэр төрлийн 1263 ш тэмтрэх үсгээр бичигдсэн брайль ном, 30 нэр төрлийн 34ш том үсэгтэй номын фондоор үйлчилгээ явуулж байсан ба энэ байдлыг сайжруулахын тулд “DAISY цахим ярьдаг номын төв” төсөл боловсруулж Билл болон Мелинда Гейтсийн сангаас санхүүжүүлж, EIFL олон улсын байгууллагаас хэрэгжүүлэх Нийтийн номын сангийн шинэчлэлийн хөтөлбөр” төслийн уралдаанд оролцож шилдэг төслөөр шалгарч 30000 ам.долларын санхүүжилт авсан. Энэхүү төслийн уралдаанд 49 орны 324 төсөл ирснээс 12 төслийг шалгаруулсан байна.

EIFL-с хэрэгжүүлж байгаа “Нийтийн номын сангийн шинэчлэл”-ийн хөтөлбөр нь мэдээллийн технологийн хэрэглээгээр дамжуулан хүмүүсийн амьдралыг дээшлүүлэх номын сангийн шинэлэг үйлчилгээг бий болгох зорилготой юм.

DAISY – Цахим ярьдаг номын төв төслийн зорилго:  Ном хэвлэл болон мэдээллийн бусад эх сурвалжийг хэвлэмэл байдлаас DAISY стандартаар хөрвүүлэн цахим ярьдаг номыг бүтээн харааны бэрхшээлтэй хүмүүст хүргэж, мэдээллийг хүртээмжтэй хүлээн авах боломжоор хангах явдал юм.

Төсөл 2010 оны 05 сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэлсэн ба төслийн хүрээнд DAISY студийг Монголд анх удаа байгуулан DAISY технологоор 20 гаруй  DAISY цахим ярьдаг номыг бүтээлээ.

Мөн DAISY номыг унших БНСУ-д үйлдвэрлэгдсэн 12 гб-тын  багтаамжтай, DAISY  файлыг сонсохоос гадна, дуу сонсох, FM радио сонсох, текст файлыг унших    Booksense төхөөрөмжийг 40 ширхэг захиалан авч УБ хотын төв номын сан болон харааны бэрхшээлтэй хүүхдийн 116-р сургууль, Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо, Нөхөн сэргээх сургалтын төв, Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын үйлдвэр, 21 аймгийн нийтийн номын сангуудад тус бүр нэгийг өгч хот хөдөөгийн харааны бэрхшээлтэй хүмүүст DAISY номын сангийн үйлчилгээг зохион байгуулж байна.

 Төслийн хүрээнд Booksense төхөөрөмжийг ашиглан DAISY  номыг унших сургалтуудыг харааны бэрхшээлтэй иргэд, 21 аймгийн номын санчдын дунд зохион байгууллаа. Мөн ярьдаг номыг My studio PC програм ашиглан унших сургалтыг хараатай уншигч, сайн дурын хүмүүсийн дунд зохион явууллаа.
 Энэхүү төслийн  чухал 5 ололт амжилт, үр дүн нь дараах байдлаар тодорхойлогдож байна. Үүнд:

 1-рт       Монгол улсад анх удаа DAISY студийг байгууллаа.
 2-рт       Харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан DAISY цахим номыг бүтээлээ

      3-рт      21 аймгийн харааны бэрхшээлтэй хүмүүст DAISY номыг хүргэсэн
      4-рт      Мэдээллийн технологийн дэвшлийг Монголын харааны
                   бэрхшээлтэй хүмүүс хүртэж эхэлсэн.
      5-рт       Монгол улсад харааны бэрхшээлтэй хүмүүст үйлчлэх DAISY
                     цахим номын сангийн үйлчилгээний сүлжээ бий болсон

Тайланг бэлтгэсэн:
Төслийн удирдагч Ч.Алтанцэцэг, Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн дэд захирал

No comments:

Post a Comment